Бүсгүй та хөхөө хэрхэн өөрөө шалгах вэ?

Бүсгүй та хөхөө хэрхэн өөрөө шалгах вэ?
Хөхөө өөрөө шалгах, эсвэл тогтмол шинжилгээнд хамрагдах нь хөхний хорт хавдрыг эрт илрүүлэхэд маш чухал нөлөөтэй бөгөөд цаашлаад эмчилгээ амжилттай болох үндэс юм.
Хөхөө өөрөө шалгах дараах аргууд аль ч насны эмэгтэйчүүдэд тохиромжтой чухал ач холбогдолтой, ашиг тустай байдаг хэдий ч урьдчилан сэргийлэх шинжилгээний аргуудтай хослуулах хэрэгтэй. Эмч нар хөхөө өөрөө шалгах аргыг бусад скрининг буюу урьдчилан сэргийлэх шинжилгээний аргуудтай хослуулах нь эрт илрүүлэлтийн магадлалыг нэмэгдүүлдэг гэж үздэг.
Хөхний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд 40-с дээш насны эмэгтэйчүүд жил тутамд хөхний эхо болон хөхний маммограм буюу хөхний рентген шинжилгээнд хамрагдахыг зөвлөдөг. Хөхний хорт хавдрын скрининг буюу урьдчилан сэргийлэлт хийх стратегийн нэг хэсэг бол хөхөө өөрөө шалгах аргыг бүх эмэгтэйчүүдэд эзэмшүүлэх явдал юм.
Хөхөө өөрөө шалгаснаар та юуг анзаарах хэрэгтэй вэ?
· Хөхний хэлбэр, хэмжээ болон өнгийг ажиглах
· Хөхний харагдахуйц байдал нь жигд бус болон хавдсан үгүйг ажиглах
Хэрэв та дараах өөрчлөлтүүд ажиглагдвал мэргэжлийн эмчид заавал хандах хэрэгтэй.
Үүнд:
·Хөхний арьс аль нэг хэсэг газраа хонхойж татагдах, үрчийх эсвэл овойх
·Хөхний толгойн хэлбэр өөрчлөгдөх (ил гарсан биш татагдан орсон тохиолдолд)
·Хөхний арьс улайх барзайх, хөндүүрлэх, тууралт гарах эсвэл хавдах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдвал даруй эмчид хандах хэрэгтэй.
Хөхөө өөрөө шалгах танд хэрэгтэй 5 алхамыг эмшээрэй!
Алхам 1: Гараа ташаандаа аван, мөрөө тэгш хэмд байрлуулан толинд өөрийнхөө хөхийг ажиглах нь эхний алхам болно.
Алхам 2: Одоо гараа дээш өргөж ижил өөрчлөлт байгаа эсэхийг ажиглах.
Алхам 3: Та толины өмнө зогсож байхдаа нэг эсвэл хоёр хөхний толгойноос ямар нэг шингэн ялгарч буй эсэхийг ажиглаарай. (энэ нь усархаг, сүү эсвэл шар шингэн эсвэл цустай байж болно)
Алхам 4: Дараа нь хэвтэж байхдаа хөхөө мэдэрч, баруун гараа ашиглан зүүн хөхөө, зүүн гараа ашиглан баруун хөхөө тэмтрээрэй. Гарын долоовор, дунд, ядан хуруунуудыг тэгшхэн нийлүүлэн тэдгээрийн өндгөөр зөөлөн тэмтэрнэ.
Алхам 5: Эцэст нь зогсож эсвэл сууж байхдаа хөхөө мэдрэх хэрэгтэй. Мөн шүршүүрт орохдоо, биеэ тосолж байх үед эдгээр алхмуудын дагуу шалгах нь хамгийн оновчтой.
*Хөхийг 4 хувааж цагийн зүүний дагуу тойрог хөдөлгөөнийг ашиглан тэмтрэлт хийгээрэй.
*Хөхөө бүхэлд нь дээрээс доошоо, нэг талаас нөгөө талруу буюу эгэмнээс өвчүүний бүдэрхий хүртэл, мөн суганаас өвчүүний гол шугам хүртэл тэмтэрнэ.
*Та хөхний толгойноос эхлэн хөхний гадна ирмэг хүртэл томруулах хөдөлгөөнөөр хөхөнд ямар нэгэн өөрчлөлт, бэрсүү тэмтрэгдэх эсэхийг сайтар шалгаарай.
*Хөхний арын хэсгээс урагш бүх эдийг мэдрэхээ мартуузай. Арьс ба эдийн доор зөвхөн хөнгөн даралт өгч тэмтрэлт хийнэ. Хөхнийхөө дунд эдэд дунд зэргийн даралтыг, арын гүн дэх эдэд хатуу даралттай тэмтэрч шалгаарай. Гүний эдэд хүрмэгц цээжний хэнхэрцэг хүртэл мэдрэгдэх ёстой.
#эрт илрүүлэг танд амьдрал бэлэглэнэ